2010-03-22
философичид
Одооноос ихлээд та бүхэндээ оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор алдарт философичидийн ертөнцийг үзэх үзэл намтарыг оруулалаа. Хүссэн философичдоо хэлээрэй би бичиж өгж болно. та бүхэнд амжилт хүсье!!!!





Эртний Герегийн гүн ухаантан Аристотель Македоны хаан II Аминтагийн ордны эмчин хүү бөгөөд ирээдүйн хаан Филипптэй цуг тоглож өсчээ. Зарим эх сурвалжид түүнийг Стагирит хэмээн нэрлэсэн байдаг нь төрсөн хот-улс болох Стагирыг нь онцолж байгаа хэрэг билээ. Тэрээр 384 онд төрөөд 62 сүүдэр зооглож 322 онд насан эцэслэжээ.

17-37 насандаа Афинд суурьшиж, гүн ухаантан Платоны Академид суралцжээ. Тэрээр жижигхэн нүдтэй, тультраа хэлтэй, машид ганган хувцаслаж, үсээ ямагт гоёмсгоор засуулдаг хүн байлаа.

25 насандаа Аристотель Герегийн нэгэн хот улс болох Хермийн захирагчийн өргөмөл охинтой гэрлэсэн бөгөөд хүү, охин хоёртой байсан юм. Аристотелийн эхнэрийн тухайд бол тэрхүү Хермиас гэгчийн төрсөн охин ч гэдэг, бүр татвар эм нь байсан ч гэдэг аж. Гэхдээ Хермиас тайган хүн байсан нь баттай юм билээ.

Түүний багадаа цуг тоглодог байсан Филиппийн хүү бол хожмоо ертөнц даяар алдраа дуурсгасан аугаа их байлдан дагуулагч Македоны хэмээх Александр гэдгийг бид мэднэ. Чингис хаантай эн зэрэгцэн яригддаг энэ их жанжны номын багш нь Аристотель байсан юм. Александр хаан багшдаа "Энэ хөшөөг Никомахын хүү, бурхан ухаант мэргэн Аристотель танаа зориулж Александр босгов" гэсэн бичээс бүхий хөшөө бариулсан юм. Александраас нэг удаа "Та яагаад багш Аристотелийг эцэг Филиппээсээ өндөрт үзэж, хүндэлдэг юм бэ?" гэж асуухад тэрээр:

 -Эцэг минь миний биеийг бүрэлдүүлж тэнгэрээс газрыг онуулан буулгасан. Харин Аристотель миний сэтгэлийг бойжуулж, намайг газраас тэнгэр өөд өргөсөн юм гэж хариулсан тухай домог байдаг.

Гэхдээ энэ бол домог төдий л юм шүү дээ. Магадгүй эрх мэдэлд дуртай Александрын хувь Аристотель зүгээр л хааныг бүдүүлэг харанхуй хүн биш гэдгийг харуулах нэр төрийн төдий багш байсан ч юм бил үү? Цөөнгүй сурвалж бичигт дурдсанаар бол, Александр насан туршдаа философийн талаар юу ч ойлгоогүй, ойлгох ч чадваргүй дураараа залуу хэвээр үлдсэн аж. Гэхдээ тийм суут багштай байна гэдэг жир хэрэг биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөрцгүй. Юутай ч хаантан багшийгаа асар их ивээн тэтгэдэг байсан бөгөөд, Аристотелийг амьтан зурах үед өмнө нь амьтдыг дуурайн зогсож зуруулдаг хэдэн мянган боол байсан гэнэ. Сэтгэгч маань үргэлж ёжтой инээвхийлж явдгийн учрыг үеийнхэн нь "Тэр өөрийгөө Платны шавь, эрдэм мэдлэгээрээ хаан Александраас хавьгүй өндөрт гарсан хүн гэж бодож явдгийнх" гэлцдэг байжээ.

Нийтийн тооллын өмнөх 336 онд Аристотель Афинд өөрийн сургуулийг нээв. Сургуулиа Афины Ликее хэмээх дүүрэгт нээсэн тул уг нэрээр нэрлэжээ. Одоогийн "лицей сугууль" гэдэг нь чухам эндээс гаралтай үг юм. Тэндээ Аристотель шавь нарынхаа хамт хашаан дотуур холхин зугаалах зуураа лекц уншдаг байлаа. Утга зохиолын онолын олон асуудал чухам тэдгээр лекцүүд дотор анх хөндөгдсөн билээ.

Аристотель өмнөх үеийнхээ философичдыг бодвол жинхэнэ профессор байсан юм. Түүний сургаалууд системтэй, үзэл бодол нь сэдэвчлэгдэн ангилагдсан, бүтээл туурвил нь шүүмжлэлт байр суурь ихтэй, хүүрнэл зохиолын шинжтэй байснаараа онцлог. Урьдын сэтгэгчид голчлон шүлэглэж санаагаа илэрхийлдэг байсан. Түүнд шуналтай гэнэ сэтгэлгээ, шашны мухар сүсэг байсангүй. Нэг үгээр хэлбэл, философичийн хувьд тэр бүрэн гүйцэд боловсорсон, гаргадаг алдаа нь ч нас ухаан жигдэрсэн хүний алдаа байлаа.

Тус сургуулийн хүрээнд заримдаа тун ч хачирхалтай хичээлүүд ордог байсныг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Жишээлбэл "Хүн өөрийгөө бусдаас илүү хайрлах ёстой юу, хэн нэгнийг өөрөөсөө илүү хайрлах ёстой юу?" гэсэн сэдвээр бүхэл бүтэн цуврал хичээл зааж байсан баримт бий. Тэгээд эцсийн дүнд хүн өөрийгөө бусдаас илүүд тавих нь тэнэг хэрэг, өөрт нь сайн санаж явдаг хүнийг өөрөөсөө илүү хайрлах ёстой гэсэн гаргалгаанд хүрч байжээ.

Аристотель сургууль байгуулснаасаа хойш бичгээр зохиол бичихийг бүрмөсөн орхиж, зөвхөн аман сургаал л айлддаг болсон тул түүнийг нас барснаас хойш шавь нар нь ярьсныг нь ихэнхдээ мартаж, бүр 200 орчим жилийн дараа л сая сэргээсэн гэдэг.

Хожмын философичдын амны уншлага болсон нэгэн санааг Аристотель цэл залуудаа "Эвдем" хэмээх яриандаа онцолсон байдаг:

Нандин ховор аз завшаан бол - хорвоод мэндлэхгүй байх,

Нарны хурц цацрагийг хэзээ ч үзэхгүй байх

Гай болоод төрчихсөн бол, бушуухан эрлэгт очиж

Газрын гүнд лавхан шиг, хүйтэн булшинд хэвтэх.

Энэ гүн ухаантан хүний сүнс нэг биеэс нөгөөд дамжин, аливаа амьтан дахин төрдөгт эргэлздэггүй байв.

Аристотель анх "категори" хэмээх ойлголтыг шинжлэх ухаанд оруулж ирсэн. Түүний логикийн хамгийн алдартай "barbara" хэмээх гаргалгааг дор харуулья:

Бүх хүн үхдэг + Герегчүүд бүгд хүмүүс = Бүх герегчүүд үхдэг.

Бүх хүн үхнэ + Сократ бол хүн = Сократ үхнэ.

Энэчлэн маш олон гаргалгаа томьёолбор байдаг. Логикийн шинжлэх ухаан зарим нь алдаатай болсныг ч тогтоосон билээ. Гэхдээ хамгийн гол нь логикийн ийм томьёолбор өмнө нь огт байгаагүй билээ. Өнөө харин логик нэн шинэ үедээ хүрч хөгжжээ. Аристотелийн силлогизм орчин цагийн абсурд сэтгэлгээнд очихдоо дараахь маягаар томьёологдсон байна.

Хүн түлээ хагалав + Сүх хурц байлаа = Түлээ хагалах амархан байв.

Аристотелийн сургааль, хэлцээс

Философи гэдэг бол гайхахаас эхэлдэг юм. "энэ үгийг Платон хэлсэн ч гэх бий."

Бурхан, байгаль хоёр дэмий зүйл бүтээдэггүй.

Хүн төрөлхтөн нэг үнэнийг нэг л удаа олж хардаг юм биш. Нэг удаа хэмээх үгэнд тооны хязгаар байдаггүй.

Санамсаргүй юм гэж байдаггүй. Үйлийн үр, хувь заяаны эрх гэж бидний нэрлэдэг тийм хүчин зүйлсийн цаана ч шалтгаан байдаг.

Нэгдмэл цул гэдэг бол бусдаас ангид тусдаа байхын нэр.

Эмэгтэй хүн гэдэг төрөлхөөсөө л үүрд зэрэмдэглэгчихсэн эр хүн юм.

Орь ганцаар байхдаа сая жаргал эдэлдэг хүн нэг бол зэрлэг адгуус, эсвэл тэр өөрөө Бурхан байх.

Ядуурал, өвчин тахал зэрэг хүний өөрийнх нь дотоод мөн чанараас төдийлөн хамаарахгүй зүйлээс битгий айж бай. Хамаарах зүйлсээсээ л ай.

Сайн хүн байхын тулд сайхан амьдралаас татгалзах хэрэггүй. Үнэхээр сайн, дотоод ертөнц нь ариун хүнийг эд хөрөнгө, эрх тушаал гэх мэтийн юмс эвдэггүй.

Бид өөртөө зав чөлөө гаргахын тулд завгүй явдаг, амар тайван суухын тулд дайн хийдэг.

Аливааг шийдэх хөшүүрэг бол зорилго биш, зорилгодоо хүрэх арга хэрэгсэл...

Олон найзтай хүнд ганц ч нөхөр байдаггүй.

Сайн хүн болоход эрдэм мэдлэг тун бага нөлөөтэй, бүр огт нэмэргүй ч байж мэднэ.



Бичсэн: Goldenlight | цаг: 18:11 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax